Намтар

Орчин цагийн Монголын хөгжмийн урлагийн хоёр дахь үеийн онцгой тод нэгэн төлөөлөгч бол Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд Тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одонт, Хөдөлмөрийн баатар, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав юм.

Б.Шарав нь 1952 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт төрсөн бөгөөд тэр л үеийн хөдөө нутгийн олонх хүүхдүүдийн жишгээр малын бэлчээрээс бага, дунд сургуулийг дамжин дүүргээд, 1972 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид, 1983 онд Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын консерваторт хөгжмийн зохиолч мэргэжлээр/багш нь Б.Д.Гибалин, Н.М.Пузей/суралцан төгссөн байна.

Өөрийн балчих наснаас сонсож өссөн гийнгоо, марзай, уртын дуу зэрэг эртний монголчуудын хөгжмийн давтагдашгүй элементийг том төрөл болох симфонизмд гайхам уран шигтгэн шингээж, Дэлхийн хөгжмийн урлагт шинэ хөг нэмж чадсан анхдагч Монголын хөгжмийн зохиолч бол Б.Шарав билээ.

2 дугаар мянганы Дэлхийн хүнээр өргөмжлөгдсөн Их Хаан Чингисийн өлгийн нутагт төрж өссөн хөгжмийн зохиолч хоёр дахь симфонио Чингис Хаанд зориулан бүтээсэн байдаг. Гэвч, өдгөөгөөс өөр нийгмийн байгуулал, социализмын үзэл сурталд захирагдсан 1987 онд Их Хааны нэрээр бүтээлээ нэрлэх нь байтугай Их Хааныг сайнаар ярьсан нь буруутдаг байсан цаг үе тул шинэ бүтээлээ “ХОЁРДУГААР СИМФОНИ” хэмээн нэрлэж 1987 оны “Алтан намар” хөгжмийн наадамд анхлан сонордуулсан түүхтэй.

Дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцсон Олон улсын хөгжмийн 3 дугаар Их наадам Зөвлөлт Холбоот Улсын/Одоогийн ОХУлс/ Ленинград /Санкт-Петербург/ хотноо зохион байгуулагдаж, уг наадамд Б.Шаравын “ХОЁРДУГААР СИМФОНИ”-г 1988 оны 5 дугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармони симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлжээ. Энэ үдшийн гол хүн нь мэдээж симфонизмд шинэ хөг нэмж, Монголын сонгодог хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж, түүнийгээ олон улсад тунхаглан сонордуулсан хөгжмийн зохиолч Б.Шарав байв.

Видео