Суут Б.ШАРАВ Танд БАЯРЛАЛАА…

Суу билигт хөгжмийн зохиолч Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шарав агсны 70 насны ойн “Баярлалаа” хүндэтгэлийн тоглолт боллоо.

 

         Б.Шарав гуай нэгэн дууг “Харанга”-ын Б.Лхагвасүрэнд санал болгосон нь “Алаг нүд шиг эх орон”. “Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Загдын Түмэнжаргал Б.Шарав хоёрын үерхэл амьдрал, уран бүтээлийн үерхэл байжээ. “Алаг нүд шиг эх орон” дууг найрагч эрүүл мэндийн хувьд нэлээд хүнд үедээ бичсэн гэж дуулсан хэмээн хөтлөгч On’n Off продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа тодотгоод, тайзнаа Гавьяат жүжигчин, дуучин “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Ц.Энхманлай нарыг урилаа.       

        Х.Лхагвасүрэн “харин суут Шарав дараагийн дуугаа надад шинээр зааж өгөөд, тэнгэрт одсон юм. Үгийг нь та нар мэднэ” гээд дуулав.

…Яндаж болдоггүй далай шиг

Яасан баян нутаг вэ… гэх сурагч байхдаа цээжилсэн, нээрээ л сайн мэдэх Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээгийн “Эх орон” шүлэгт зориулан шинэ аялгуу зохиосноо дуучин Х.Лхагвасүрэнд өгснийг “Баярлалаа” концертыг үзэгчид бид анхны сонсогч нь болж хүлээн авлаа.

“Харанга”-ын Х.Лхагвасүрэн дуугаа дуулаад, концертын тайзны хойморт хүндэтгэн залсан агуу Б.Шаравын хөрөг зураг руу харж, нөхөрсгөөр ёслон үзэгчдийг хөгжөөгөөд, хөнгөн гуниглуулаад  авна лээ. Тэрбээр, “Б.Шарав гуайдаа баярлалаа, З.Түмэнжаргал гуайдаа баярлалаа. Ийм л айхтар дуу зохиодог аваргууд даа” гэж хэлсэн юм.

        Хөгжмийн зохиолчийн сүүлчийн  бүтээлүүдийн нэг болох энэ дууг зохиолчоо алсад одсоноос хойш буюу 2022 онд дуун эгшиг болж, одоо та бидний сонорыг мялааж байна.